Газар хөдлөлттэй холбоотой ойлголтуудад хариулт өгч байна
Дэлхийн царцдас мандалд тектоник хөдөлгөөнөөр хуримтлагдсан хүчдэл чөлөөлөгдөхөд ялгарах энергийн нэгээхэн хэсэг нь уян харимхайн долгион болон тархаж, газрын гадаргууд үйлчлэл үзүүлэх үйл явцыг газар хөдлөлт гэнэ. (MNS 2009)
Газар хөдлөлт нь учруулах хор уршиг, хөнөөл ихтэй, урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт асар богино хугацаанд тохиолддог хамгийн аюултай байгалийн аюулт үзэгдэл юм.
Манай дэлхий нь бүхэлдээ хэдэн том болон жижиг тектоник хавтангуудаас тогтдог ба эдгээр хавтангууд манай дэлхийн гадаад бүрхүүл литосферийг (царцдас мандал) бүрдүүлнэ.
Литосфери нь тектоникийн 7 том хавтан, олон тооны жижиг хавтангуудаас бүрддэг байна.
Хавтангууд бие биентэйгээ харьцангуйгаар өөр өөр чиглэлд шилжих (нүүх) ба үүнээс улбаалан хавтангуудыг Ойртох буюу мөргөлдөх зааг (конвергент), холдох буюу тэлэх зааг (дивергент), идэвхигүй зааг (трансформ) хэмээн үндсэн 3 төрлийн хилд ялгана.
Дэлхийн гадаргуу нь үүссэн цагаасаа хойш гадна, дотны хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга хувирч өөрчлөгдсөөр иржээ. Эдгээр хувьсал нь янз бүрийн шалтгаантай ба нэг хэсэг нь эвдрэн мөхөж байхад нөгөө хэсэг нь шинээр сэргээгдэн буй болдог. Өөрөөр хэлбэл дэлхийн царцдас мандал нь мөнхийн хөдөлгөөнд оршдог.
Манай дэлхий нь бүхэлдээ хэдэн том болон жижиг тектоник хавтангуудаас тогтдог ба эдгээр хавтангууд манай дэлхийн гадаад бүрхүүл литосферийг (царцдас мандал) бүрдүүлнэ.
Эдгээр хавтангууд нь мөнхийн хөдөлгөөнд оршдог тул газар хөдлөлт дэлхийн өнцөг булан бүрт тохиолддог.
Гэсэн хэдий ч ихэнх нь дэлхийн гол тектоник хавтанг тодорхойлдог идэвхтэй хагарал дээр үүсдэг. Дэлхийн газар хөдлөлтийн 90% нь эдгээр хавтангийн хилийн дагуу (энэ нь дэлхийн гадаргуугийн 10 орчим хувийг эзэлдэг) тохиолддог.
Дэлхийд газар хөдлөлтийг урьдчилж хэлээд, иймэрхүү хүчтэй газар хөдлөлт тэр цагт болно гэж хэлэх түвшинд өнөөдөр хүрээгүй байгаа.
“ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС АМЖИЖ АНХААРУУЛАХ СИСТЕМ” /EARTHQUAKE EARLY WARNING SYSTEM/ Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем нь газар хөдлөлтийн шинжлэх ухаан болон хэмжилтүүдийг систем ашиглан газар хөдлөлтийг бүртгэж тухайн газар хөдлөлт суурин газарт хүрэхээс өмнө мэдээлэх зорилготой юм. Газар хөдлөлтийг хэдхэн секундийн өмнө урьдчилан мэдээлэх боломж олгодог байна.
Манай орны хувьд “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийг байгуулан, газар хөдлөлтийг мэдрэх төхөөрөмж, зарлан мэдээллийн дуут дохионуудыг байршуулан ажиллаж байна.
Хэрэв Улаанбаатар хотод аюул болох хэмжээний газар хөдлөлт болохоор бол хотын ойролцоо оршдог гурван голомтоос систем автоматаар ажиллан дуут дохио өгнө. Үүнд:
Газар хөдлөлтийн мэдээллийн үндэсний төвийн мэдээллэснээр дэлхий даяар жил бүр 20,000 орчим буюу өдөрт 55 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байна.
АНУ-ын томоохон даатгалын компаниудын нэг FM Global 2021 онд газар хөдлөлтийн эрсдэлийг нарийвчлан харуулсан дэлхийн газрын зургийг танилцуулж байжээ.
Ингэхдээ газар нутгуудын эрсдэлийн зэрэглэлийг өнгөөр ялгаж харуулжээ.
Монгол орны газрын зургийг эндээс харвал Алтайн нуруу, Их нууруудын хотгор, Хөвсгөл нуурын орчим газар нутаг газар хөдлөх эрсдэл илүү өндөр харагдаж байна. Харин нийслэл Улаанбаатар хотыг оруулаад нутгийн зүүн хагас эрсдэл багатай ангилалд багтжээ.
Дэлхийн хэмжээнд газар хөдлөлтийн эрсдэл хамгийн өндөр бүс нутгуудыг жагсаавал:
Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. МАГНИТУД: Хөрсөн доор, газар хөдлөлтийн хүчийг газар хөдлөлт бүртгэх багажинд бичигдсэн хөрсний шилжилтийн утгаар тодорхойлдог хэмжигдэхүүнийг хэлнэ.
Рихтерийн магнитуд | Мергаллын балл | Харьцуулсан үндэслэл |
<3.4 | I | Зөвхөн багаж мэдэрнэ |
3.5-4.2 | II-III | Зарим хүн мэдэрнэ |
4.3-4.8 | IV | Олон хүн мэдэрнэ |
4.9-5.4 | V | Бүгд мэдэрнэ |
5.5-6.1 | VI-VII | Барилга байгууламжид бага зэрэг эвдрэл үүснэ |
6.2-6.9 | VIII-IX | Барилгад нилээд хэмжээний эвдрэл үүснэ |
7-7.3 | X | Маш их хэмжээний эвдрэл үүснэ |
7.4-7.9 | XI-XII | Ихэнх барилгууд нурна |
БАЛЛ: Газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг. Тухайн газар хөдлөлт хүрээлэн буй орчин ба хүмүүст хэрхэн мэдрэгдсэнээр тодорхойлогдох доргилтын үчийг илэрхийлж байгаа хэмжигдэхүүнийг газар хөдлөлтийн эрчим буюу балл гэж нэрлэдэг.
Балл | Товч тодорхойлолт |
I | Үл мэдэгдэм газар хөдлөлт. Хэлбэлзлийн хүч хүмүүсийн мэдрэх чадвараас доогуур, зөвхөн багажинд л мэдрэгдэнэ. |
II | Арай ядан мэдрэх газар хөдлөлт. Ялангуяа дээд давхрын тасалгаанд зарим мэдрэмтгий хүмүүст, гэрийн амьтдад хэлбэлзэл мэдрэгдэнэ. |
III | Тасалгаанд байгаа хүмүүсийн цөөн хэсэг, хээр гадаа явж байгаа хүмүүст мэдрэгдэнэ. Хөнгөн тэрэг өнгөрөхөд үүсэх доргилттой төсөөтэй хэлбэлзэл мэдрэгдэнэ. Ажигламтгай хүмүүст дүүжлээстэй юмс ганхах, дээд давхарт байгаа хүмүүст мэдрэгдэнэ. |
IV | Тасалгаанд байгсдын олонхи, хээр гадаа яваа хүмүүсийн заримд нь мэдрэгдэх бөгөөд хүнд ачааны тэрэг өнгөрөхөд үүсэх хэлбэлзэл мэдрэгдэнэ. Цонх, хаалга, сав суулга тачигнана. Шал, хана чихарна. Тавилга чичирхийлнэ, дүүжлээстэй зүйлс сулхан савлана. Завдгай савтай шингэн зүйлс долгиолж, зогсож байгаа автомашинд түлхэлт мэдрэгддэг. |
V | Дунд зэргийн хүчтэй, унтагсдын олонхи нь сэрж, барилга бүхэлдээ доргиж, том хонх өөрөө цохино, зарим тогтвортой зйүлс хөмрөх буюу шилжинэ. |
VI | Хүмүүст газар хөдлөлт мэдрэгдэнэ. Зарим нэг нь тэнцвэр алдана, гэрийн амьтад хашаа, саравч, хорооноос гарна, шилэн болон шаазан сав суулга хагарч, хүнд жинтэй тавилга байрнаасаа хөдөлдөг. Булаг шандын ундарга, худгйин усны түвшин өөрчлөгдөж болно. |
VII | Барилга, байшинд ан цав гарна. Ихэнх хүмүүс айж гэр орноосоо гүйж гардаг. Хүн зогсоход хүндрэлтэй болж, тээврийн хэрэгсэл жолоодож буй хүнд хэлбэлзэл мэдрэгдэнэ. Ус дамжуулах хоолойны бэлчир уулзварууд эвдэрч, чулуун хашлагад ан цав гардаг. Зарим тохиолдолд эгц налуугаар өнгөрсөн автын замд гулгалт үүсэх, ан цав гарна. |
VIII | Барилгын хүчтэй эвдрэл үүсгэнэ. Хүмүүс айж сандарч тээврийн хэрэгсэл жолоодогчид ч сандралд ордог. Модны мөчир хугаран унаж, хүнд жинтэй тавилга хөмрөн унах, байрнаас шилжих зэргээр хөдөлгөөнд ордог. Дүүжлээстэй гэрлийн зарим хэсэг эвдэрч сүйднэ. |
IX | Бүх барилгад эвдрэл үүсч, бүх нийтээр сандран мэгдэнэ. Тавилга хэрэгсэл ихээхэн эвдэрч, адгуус амьтад гүйлдэнэ. Зарим үед төмөр замын төмөр тахийж туруйх, далан шороо эвдэрнэ. Нуур цөөрөм, тогтоол усны гадаргууд ихээхэн давалгаа үүснэ. |
X | Аюултай, олон байшин барилга нурж эвдрэл үүснэ. Төмөр зам хялбархан туруй тахир болно. Газрын доорхи хоолойнууд эвдэрнэ, хөрсөнд 1 м хүртэл ан, цав үүсч, хүрхрээ үүсэх, шинээр нуур цөөрөм бий болдог. Голын эрэг, далай тэнгис орчмоор нуралт, гулгалт үүснэ. |
XI | Маш аюултай, барилга байшин, гүүр, далан, хаалт, төмөр зам, авто замууд ноцтой эвдэрч, дахин ашиглагдах боломжгүй болно. Газрын доорхи хоолойнууд эвдэрч, өргөн ан гав, тасралт тохоос, мөргөцөг үүсч, уул нуруунд нуралт бий болно. Газар хөдлөлтийн газрын гадаргууд үйлчилсэн доргилтын эрчмийг тусгайлан судалгаа явуулж тодорхойлох шаардлага гарна. |
XII | Гадарга зүйн өөрчлөлт орно. Газрын доорхи, гадаргуу дээрх барилга байгууламж хүчтэй эвдэрч нурна. Хөрсөнд гүн ан, цав гарна. Тусгайлан судалгаа явуулж доргилтын эрчмийг тодорхойлох шаардлага гардаг байна. |
Хүчтэй чичиргээ ихэнхдээ 1 минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгой нуруу нугсаа хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
Хэрэв та тэргэнцэр эсвэл алхагч ашиглаж байгаа бол дугуйгаа түгжиж, чичиргээ зогсох хүртэл хөдөлгөөнгүй байгаарай
Хүчтэй газар хөдлөлтийн үед барилга нурахдаа таазны жин нь объект эсвэл тавилга дотор унаж хажууд нь хоосон орон зай үлдээдэг. Энэ орон зайг “амьдралын гурвалжин” гэж нэрлэдэг.
Энэ орон зай нь газар хөдлөлтөөс амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлэх аргуудын нэг юм.