Ой хээрийн түймрийн өмнө

Ой хээрийн түймрийн өмнө ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Ойн тухай хуульд заасан хавар, намрын хуурайшилтын цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дүгээр сарын 10, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд ой болон тал хээрийн бүсэд шаардлагагүй бол зорчихгүй байх

Хуурайшилтын аюултай үед ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх

Малын өтөг бууцыг ой, хээрийн бүсэд хаяхгүй, зориулалтын хогийн цэгт хаях

Ой, хээрт автомашинтай зорчихдоо автомашины доод яндангийн хэсэгт өвс их хэмжээгээр хуримтлагддагаас автомашин шатах, цаашлаад ой, хээрийн гал түймэр гарах шалтгаан болдог. Иймд аюулгүй байдлыг хангаж байнга сайтар шалгаж бах.

Иргэн таны буруутай үйл ажиллагаанаас гарсан гал түймрийн шалтгаан нөхцөл нь байгаль экологид учруулсан хохирлын хэмжээ хууль, шүүхийн байгууллагаас тогтоогдсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.

Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн зориулалтын таглаа бүхий нүх, саванд хийх

Ой, хээрт явахдаа түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангах

Ан агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх

Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд нь 100-аас доошгүй зайд 10 метрийн өргөнтэй зурвас татах

Айл өрх бүр гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх

ХЭРЭВ ТА ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ

ЭРСДЭЛТЭЙ ГАЗАР БАЙГАА БОЛ

Гал түймэр унтраах автомашин таны гэрт хүрч очих хүртэлх замын тэмдэг болон гэрийн хаягаа тодорхой хийж, харагдахуйц байршилд байгаа эсэхийг шалгах.

Хүрз, сүх, хөрөө, хувин, гөвүүр, тармуур зэрэг гал түймрийн үед ашиглаж болохуйц багаж, хэрэгслүүдтэй байх. Гал түймэр гарсан үед онцгой байдлын байгууллага иртэл та өөрөө унтраах шаардлага гарсан үед эдгээр багажуудыг ашиглана.

Өөрийнхөө орон гэр, гадаах барилга, байгууламжаа ой, хээрийн гал түймэрт өртөхөөргүй, аюулгүй байх талаас нь төлөвлөж, тохижуулах. Ой модлог газар барилга, байгууламж барих бол барилгын норм стандартыг мөрдөх шаардлагатай.

Хэрэв өөр сонголтгүй бол цахилгааны шугамаа газар доогуур явуулах. Ингэснээр хүчтэй салхи, газар хөдлөлтийн үед цахилгааны шугам унаж гал түймэр гарахаас сэргийлж чадна.

Ургамал, модноос байшин, барилга байгууламжаа тусгаарлах үүднээс аюулгүйн зурвас бий болгох (Энэ чиглэлээр орон нутгийн ГТУХ байцаагчаас зөвлөгөө авах). Ой, хээрийн түймэрт шатаж болзошгүй материал, байшин хоёрынхоо хооронд аль болох хангалттай хол зай тогтоож өгөх хэрэгтэй бөгөөд гал гарсан тохиолдолд энэ хооронд та аюулыг бууруулах алхмуудыг хийж амжих болно. Гал маш хурдан тархдаг, тиймээс аюулгүйн зурвасаа илүү өргөн зайд хийх шаардлагатай.

Хашаа хороо, дээвэр дээрх шатамхай хог хаягдал, мод навчсыг тогтмол цэвэрлэх. Галыг илүү хурдан тараадаг модны навч, мөчир, хог хаягдлаа цэвэрлэж байх. Түүнчлэн ил гал түлэхэд галын цог салхинд хийсч гал түймэр гарах аюултай байдаг тул мод, бургас, буттай газар гал түлэхгүй байх, ялангуяа гал алдаж болзошгүй хуурай улиралд ил задгай гал түлэхгүй байх, ноцож буй гал, асаасан тамхийг унтраахгүйгээр орхихгүй байх, гал алдвал ус, элс, гал унтраагуур зэрэг гарын дор байгаа материалаа ашиглан түймрийг маш хурдан, гүйцэд унтраана.

Хүний үйл ажиллагаанаас гарсан ой хээрийн түймэр

дараах санамсар болгоомжгүй үйлдлүүдээс болдог

Цогтой үнс, нурмыг ил задгай асгаснаас

Тамхи, шүдэнзний галыг унтраалгүй хаяснаас

Ил задгай түлсэн галаас гал алдах, эсвэл галаа бүрэн унтраалгүй орхисноос

Харах хүнгүй орхисон хүүхэд галын аюултай зүйлээр тоглосноос

Трактор, машин, мотоцикл / тээврийн хэрэгсэл / оч баригчгүй яндангаас оч хаяснаас

Зуухны яндангаас оч хаяснаас

Дохионы пуужин харваснаас

Шатамхай, хялбар авалцан асах шингэн зүйл буруу ашигласнаас

Галт сумаар буудсанаас

Ой хээрийн түймрийн үед юу хийх хэрэгтэй вэ?

Дэлгэрэнгүй үзэх

Ой хээрийн түймрийн дараа юу хийх хэрэгтэй вэ?

Дэлгэрэнгүй үзэх

Гамшгийн бэлэн байдлийн үед хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт